Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангиас хорих ял эдлүүлэх, хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны чиглэлээр “Аз жаргалтай нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10:00-15:00 цагийн хороонд зохион байгууллаа.
Өдөрлөгийг тус ангийн дарга, дэд хурандаа Р.Ууганбаяр нээж үг хэлсэн бол Орхон аймгийн Прокурорын газрын Хорих ял эдлүүлэх ажиллагааны хяналтын прокурор Б.Жавхлантуяа хорих ангийн үйл ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээг танилцууллаа.
Мөн “Хорихын нөхөрлөлийн төв” төрийн бус байгууллагын төлөөлөл, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын Ногоон хөгжил төслийн нэгжийн хамт олноос хүмүүжигч нарт талархал болон хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулж, хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулав.
Ангийн удирдлагууд хүмүүжигчдийн ар гэрийнхэнд ангийн үйл ажиллагаа, нийгэмшүүлэх, хөдөлмөрийн дадал олгох, нийгэмд учруулсан хохирлыг барагдуулах чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үйлдвэрлэл, гар урлал болон хоол бэлтгэлийн өрөө, номын сан, үйлдвэрийн байр, оёдлын цех, эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулж, санал хүсэлтийг нь хүлээн авлаа.
Түүнчлэн хүмүүжигчид өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолт, гар урлалын бүтээлээ ар гэрийнхэндээ толилуулж, нийгэмд учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлөхөөр хэрхэн ажиллаж байгаагаа танилцууллаа.
Өдөрлөгт 213 хүмүүжигчийн ар гэрээс 317 иргэн оролцсон бөгөөд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсанд ангийн хамт олонд талархал илэрхийллээ.
Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа Р.Ууганбаяр энэхүү өдөрлөгийг цаашид жил бүр зохион байгуулна гэдгийг цохон тэмдэглээд, хамтран ажилласан байгууллагын төлөөлөлд дурсгалын зүйл гардуулав.