ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 1921 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Ардын намын төв хороо болон Түр засгийн газрын гишүүдийн хамтарсан хурлаар Шүүх яам байгуулагдахад тус яамны ерөнхий хэлтэст “Гяндан хороо” нэршилтэйгээр байгуулагдсан тусгай чиг үүрэг бүхий Төрийн цэргийн ууган байгууллагуудын нэг юм.

      Тус байгууллага нь түүхт 101 жилийн хугацаанд эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, дотоод аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хүчин зүтгэж, үүргээ нэр төртэйгөөр биелүүлсээр ирсэн билээ.

       Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өнгөрсөн хугацаанд хэрхэн нэрлэгдэж ирснийг танилцуулъя.

      1921 оноос “Гяндан хороо”, 1936 оноос Улсын төв засан сайжруулах газар”, 1940 оноос Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерь, хорих ангиудыг удирдах газар”, 1956 оноос Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтэс”, 1963 оноос Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газар”, 1981 оноос Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газар”, 1992 оноос “Хорих байгууллагуудыг удирдахгазар”, 1996 оны 12 дугаар сараас Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, 2002 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэж тус тус нэрлэгдэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяалал нь 1921 оноос Шүүх яаманд, 1936 оноос Дотоод явдлын Яаманд /хожмоо НАХЯ/, 1985 оноос НАХЯ-ны Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газарт, 1991 оноос Монгол Улсын Хууль зүйн яамны эрхлэх ажлын хүрээнд харьяалагдан төрөөс хүлээлгэсэн онцгой, хариуцлагатай үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж байна.

      Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги нь Монгол Улсын Засгийн Газрын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 153 дугаар тогтоолоор Хорих Байгууллагыг Удирдах Газрын харьяа Эрдэнэт хотын Засан хүмүүжүүлэх Хорих анги нэртэйгээр одоогийн Орхон аймгийн Дэнж багийн нутаг дэвсгэрт орших хуучин орос цэргийн ангийн сахилгажуулах батальоны байрыг засварлан тохижуулж анх байгуулагдсан.

         Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 312 дугаар  тогтоолоор тус газрын харьяанд жирийн дэглэмтэй төвлөрсөн Хорих 437 дугаар анги шинээр зохион байгуулагдан жирийн дэглэмд хорих, баривчлах ял эдлүүлэх, цагдан хорих, шийдвэр гүйцэтгэх гэсэн 4 үндсэн чиглэлээр 69 алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1077 дугаар тушаалаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги болгон өөрчлөн үйл ажиллагаагаа явуулж байна.